News

轉寄 (Open in new window)Text size:

САЛХИН ХҮЧИТ ДИЯАНЫ ДИВААЖИНГИЙН УДИРТГАЛ ХӨГЖИМСАЛХИН ХҮЧИТ ДИЯАНЫ ДИВААЖИНГИЙН УДИРТГАЛ ХӨГЖИМ
 
НЭГ.   
Чулуун толь гэдэг нь бидний дотоод сэтгэлийн, оюун санааны талбар, тусгал юм. Дияаны сэтгэл гэдэг нь бидний дотоод сэтгэлийг эгэл жирийн хүнээс ариун гэгээнтний ертөнцөд хүргэх боломжтой. Чулуун толь бидний дотоод сэтгэл гэх аваас бидний сэтгэл заримдаа чулуу мэт хахир хатуу, ямар нэг байдлаар шархлуулан сэвтээвэл гүн гүнзгий сэтгэлийн шарх үлддэг. Үнэндээ бидний сэтгэл зүрх нь зөөллөж болдог зүйл юм. Сэтгэл зүрхийг чулуутай зүйрлүүлэн хэлэх аваас түүнийг хөрс шороо болтол нь зөөллөж болдог, хэсэг хугацаа өнгөрөхөд хурц мэсээр хөндсөн ч тухайн хөрс шороо тэгшлэгдээд  ирдэг.
Энэ мэт бидний сэтгэл зүрх улам л зөөллөж болдог зүйл юм. Яг л элсэн цөлийн элс, говь нутгийн наанги элс адил, таны алхах төдий салхины аясаар л элс тэгшлэгдээд ирнэ. Энэ нь бидний сэтгэл зүрх шархалсан хэдий ч хэсэгхэн хугацааны дараа  мартагдахтай адил агаар нэгэн буй за. Хэрэв бид энэхүү сэтгэл зүрхээ улам цааш нь зөөллөн аргадах аваас бидний сэтгэл зүрх ус болон хувирч, ус болсон тэр үед ямар ч иртэй хурц мэсээр ус руу  дүрсэн ч хормын төдийд усны цуурал аниад л ирнэ. Тиймээс бидний сэтгэл зүрхний шарх ч мөн адил хормын төдийд үгүй болж хуучин хэвэндээ ордог. Хэрвээ бид дотоод сэтгэлийн эрдмийн төвшнөө дахин нэг төвшнөөр ахиулья гэж бодвол сэтгэл зүрхээ улам л цааш нь зөөллөж, чөлөөлөх хэрэгтэй болно, яг юу ч байхгүй, юу ч болоогүй хий хоосон чанар мэт. Энэ үед хурц мэсээр яаж ч зүсээд, яаж ч дүрээд ямар ч нөлөө үзүүлэхгүй нь тодорхой. Тиймд бид дотоод сэтгэлийн эрдмээ энэхүү хоосон чанарт аваачиж гэмээн гаднах орчны нөлөөнд  автахгүй, ганхаж гуйвахгүй, хувирч хувьсахгүй, харин эсрэгээрээ бидний сэтгэл зүрх гадаад орчныг бүхэлд нь удирдан жолоодох боломжтой болдог юм. Тиймээс энэ төвшинг “Сэтгэлээр орчныг хариулахуй, орчныг сэтгэлээр хувиргахуй” хэмээн нэрлэдэг. Буддын номлолд будда бурхны эрдмийг ер бусын сайхан орчин буюу Tathagata хэмээн нэрлэдэг бол Очироор огтлогч сударт “Хэрэв юмс үзэгдэл өөрчлөгдөн хувьсаж буй нь Tathagata” юм хэмээн бичсэн байдаг. Чулуун тольны хувьд бас ийм л утгыг агуулна.    
 
ХОЁР.
Дияаны сэтгэлийн хувьд бид эгэл жирийн хүний оршин байгаа байдлыг ариусан гэгээрсэн хүний оюун санааны, дотоод сэтгэлийн эрдмийн тэрхүү төвшинд хүргэх үйл юм. Энэ нь бидний өөрсдийн дотоод сэтгэлийн эрдэмийн төвшин юм. Энэхүү дотоод  сэтгэлийн эрдмийн төвшинг 4 үе шатанд хуваадаг.
1.      Төрөлх төвшин  буюу байгалийн төрөлх төвшиндөө амьдарч байгаа хүмүүнийг хэлнэ. Яг л бидний эгэл жирийн ард иргэдтэй адил, хүүхэд багачуудтай адил ямарваа нэг зүйлийг зөв хэмээн ойлгож ухаарахаасаа урьтан, өөрийнх нь сэтгэл зүрх, зан араншин нь авьяас билиг, дадал зуршлаа даган аливаа зүйлд хурдан хуумгай, адайр, олон ааш зан гаргаж, ямар ч бодож тунгаах сөхөөгүй өөрийн дур зоргоор олон зүйлийг хийдэг. Энэ бол төрөлхийн төвшиндөө амьдарч байгаа хүмүүс юм.
2.      Хэрэглээ, ашиг сонирхлыг эрхэмлэсэн төвшин. Энэ төвшинд бид зөвхөн өнөөдөрөөрөө амьдран хуумгай үйлдэл хийхээс гадна маргаашийн амьдралын төлөө санаа зовж, бусармаг үйлдэл хийснийхээ дараа түүнд дүйцэх өр төлөөсийг төлж чадах эсэх, мөн маргаашийн эрх ашгийн төлөө бодож тунгаадаг хүмүүс байдаг. Ингэснээр хувь хүнийхээ “бүхий” л зүйлээ бий болгох ба энэ “бүх” гэж хэлээд байгаа зүйл нь өөрийгөө улам сайхан амьдаруулж, өөртөө улам ашиг тустай байхыг л хэлээд байгаа юм.
3.      Ёс суртахууны төвшин.  Ёс суртахууны төвшин гэдэг нь бид өөр өөрсдийнхөө эрх ашгийн төлөө, зөвхөн өөрийнхөө маргаашийн төлөө санаа зовох бус, харин бүх хүмүүсийн эрх ашгийн төлөө, бүх дэлхийн хүмүүсийн маргаашийн төлөө санаа зовох учиртайг ойлгож, ингэснээр бид нэгэн нийгмийг, нэгэн улсын “бүхий” л зүйлийг буй болгох, энэ “бүх” гэдэг нь ёс суртахууны төвшинд амьдарч байгаа хүмүүн нь нийгэм, улс орны, бүх дэлхийн хүмүүсийг дотоод сэтгэлдээ багтаан бодож, нэгэн нийгэм, нэгэн улсын “бүхий” л зүйлийг буй болгохыг хэлж байгаа юм.
4.      Тэнгэрийн орчид дахь төвшин. Энэ нь хамгийн дээд төвшний ухаарал, ойлголт юм.  Хамгийн дээд төвшин, хамгийн дээд ухаарал, хамгийн дээд оюун санаа юм. Энэ төвшний хүмүүний бодож тунгаан, болгоодог зүйл нь энэ орчлон ертөнцийн хамаг амьтны тусын тулд, бүхий л амь амьдралын нийтлэг бүхний төлөө санаа тавьдаг тэнгэрийн орчид дахь төвшин юм.
Миний дурдаад байгаа бүх юм, бүхий л зүйлс гээд байгаа нь өөрийн хүслийг хангах, биелүүлэхийг л хэлээд байгаа билээ. Тиймээс төрөлх төвшин гэдэг нь дур зоргоор аливаа үйлдэл хийн, өөрийн хүслээ биелүүлдэг, зөвхөн өөрийн зан араншингаараа амьдрахад болно хэмээн боддог хүмүүс. Хэрэглээний, ашиг сонирхолыг эрхэмлэсэн  төвшин гэдэг нь зөвхөн өөрийнхөө маргааш, ирээдүйн аз жаргалын төлөө, эрх ашигт тулгуурлан хүслээ биелүүлэх гэсэн хүмүүс юм. Ёс суртахууны төвшин гэдэг нь нэгэн нийгэм, нэгэн улсын ирээдүйн сайн сайхан, баялаг хангалуун амьдралын төлөө, хүн болгоныг өмсөх хувцас, идэх хоолтой байлгахын төлөө санаа тавин өөрийн хүслээ биелүүлэх хүмүүнийг ёс суртахууны төвшинд хүрсэн гэдэг. Тэнгэрийн орчид дахь төвшин гэдэг нь мэдээж хамгийн дээд төвшний оюун санаа бөгөөд оюуны дээд хэм хэмжээ юм.   
 
ГУРАВ. ЧУЛУУН ТОЛЬ 
 
Чулуун толь гэж чухам юуг хэлнэ вэ? Энэ бол чулуугаар хийсэн толь юм. Тэгвэл чулуу гэж юу вэ? Чулуулаг дотор алт агуулагдаж байдаг ба буталгахад алт нь гараад ирдэг. Чулуун дотор бас хаш чулуу агуулагдаж байдаг ба чулууг буталгахад хаш нь гараад ирдэг. Тиймээс чулуу нь хаш чулуу юм. Хаш нь чулуу юм. Тиймээс чулуун толийг мөн хаш толь гэж нэрлэж болно. Чулуун толь гэдэг нь бидний эгэл жирийн хүний оюун бодолд оршдог  бол хашан толь нь оюуны дээд өгөгдөлтэй хүмүүсийн оюун ухаанд оршдог. Гэхдээ нэгэн утгаар бол чулуун толь нь хаш толь л гэсэн үг. Хаш толь нь мөн чулуун толь гэсэн үг. Чулуун толь ч бай, хаш толь ч бай аль аль нь 5 төрлийн ёс суртахууны хэм хэмжээг агуулдаг. Күнзийн сургаальд энэ 5-ыг оюун ухаан, шулуун шударга, хайр энэрэл, эр зориг, цэвэр ариун хэмээн айлдсан бол буддын шашинд үүнийг туст үйл, ойлгох ухаарал, тод томруун мэдрэхүй, өөрийгөө олох , дияан хэмээн илэрхийлдэг. Туст үйл гэдэг нь хамаг амьтны тусын тулд өөрийн бүхий л арга чаргаа хэрэглэн, бусдын аз жаргалтай амьдралын төлөө санаа тавин түүнийгээ төлөвлөн бодож хийх  туст үйл юм. Ойлгох ухаарал гэдэг нь хүний сэтгэл зүрхийг өөр лугаа адил ойлгон, түүнд хэрэгтэй байгаа зүйлийг нь танин мэдэж, бүх л хүмүүст хэрэгтэй үед нь туслан дэмжиж, саад бүхнийг даван туулахад нь хамгийн зөв замыг нь чиглүүлэн өгдөг. Тод томруун мэдэрхүй гэдэг нь бидний мэдрэмж шил мэт  тунгалаг, ойлгомжтой байх тусам аливаа дуу чимээ, өнгө мөнгө, түмэн юмс үзэгдэл, гаднах дүр төрхөнд огтхон ч автахгүй тэр л тунгалаг тодорхой мэдрэмжийг хэлнэ. Өөрийгөө олох гэдэг нь бид өөрийнхөө үнэн нүүр царайг ойлгон ухаарч, өөрийнхөө жинхэнэ эзэн болсон тэр хүнийг олж мэдэхэд оршиж байгаа юм. Дияан гэдэг нь нэгэн төрлийн арга хэлбэр, нэгэн төрлийн хичээл зүтгээл, нэгэн төрлийн дотоод сэтгэлийн эрдмийн төвшин юм. Бидний дотоод сэтгэлийг үүрдийн анир тайван, энх амгаланд хүргэх тэр төвшин юм.
ДӨРӨВ. 
Дияаныг ярихаас өмнө эхлээд Жуанз эрвээхэй зүүдэлсэн тухай үлгэр домгийг ярья. Энэ домогт Жуанз эрвээхэй зүүдэлсэн үү эрвээхэй Жуанзийг зүүдэлсэн үү гэсэн энэ асуулт одоог хүртэл мянга гаруй жилийн турш гүн ухааны судлаач эрдэмтэдийн дунд оньсого мэт сэдэв болсоор л байна. Хэрэв одоогийн бодит амьдрал маань бас зүүд байвал яах уу? Тэгвэл би хэний зүүдэнд байгаа бол? Эрвээхэйн зүүдэнд байгаам болуу? Тэгвэл юуг эрвээхэй гээд байна? Жуанзын сургаальд Жуанз эрвээхэй гэдэг нь үнэн хэрэгтээ гадны орчны нөлөө биднийг өөрчлөөд байгааг хэлээд байгаа юм. Өөрөөр хэлбэл орчлон ертөнцийн юмс бүхэн өөрчлөгдөж байдгийн учир жанцанг өгүүлээд байгаам. Жуанзын сургаальд аливаа юмс  үзэгдэл нь гадна орчны нөлөөгөөр хормын төдийд хувьсан өөрчлөгдөж байдаг хэмээн айлджээ, сэтгэл зүрхээрээ юмс үзэгдлийн мөн чанарыг танин мэдэж ойлгох амаргүй. Ийнхүү хувьсан өөрчлөгдсөний дараа гадна орчны хумхын тоостой нэгдэн нийлж, оюунлаг, сэрж гэгээрэх замынхаа эсрэг нүүр буруулдаг талтай, үүнийг “хумхын тоосонд дарагдан мэдрэмжээ алдах” хэмээдэг. Харин эсрэгээрээ бид хувьсан өөрчлөгдөхгүй , дотоод сэтгэлээ чагнан, анхаарал тавьж,  танин мэдэх аваас бидний сэтгэл зүрх түмэн зүйлсийн өөрчлөлтийн мөн чанарыг ухааран ойлгодог. Тэр л үеийг “мэдрэмжээ даган хумхын тоосонд үл автах” хэмээдэг. Тиймээс бид сэтгэл зүрхээрээ юмс үзэгдлийн мөн чанарыг танин мэдэж, ажиглаж чадаж байна гэмээн гаднах хумхын тоосны нөлөөнд автахгүй, төөрөн будилахгүй , мэдрэмж тунгалаг, тод томруун орших буй за.    
 
ТАВ.
 
Тиймээс Жуанз бол гадны орчны нөлөөлөл, эд зүйлс юм, харин эрвээхэй бол би юм. Орчны нөлөөлөл болон миний өөрчлөлт нь юмс үзэгдэлийн өөрчлөлт юм. Орчны нөлөөлөл надтай нэгдэхээрээ маш ойлгомжгүй, харагдах боломжгүй, тодорхой бус байдлыг үүсгэдэг. Мөн орчны нөлөөлөл надтай нэгдэхээрээ Нирваан дүрийг бий болгодог. Орчны нөлөөлөл  надтай нэгдсэний дараа би түүнд шунан автах аваас маш ойлгомжгүй, харагдах боломжгүй, тодорхой бус байдал үүсдэг, тиймээс Жуанз эрвээхэйн үлгэр домогт би гэдэг нь тэгээд Жуанз юм уу, эрвээхэй юм уу гэсэн байдал үүсдэг.  Энэхүү зөрчил нь  Жуанз эрвээхэй зүүдэлсэн юм уу, харин эрвээхэй Жуанзийг зүүдэлсэн юмуу гэсэн эргэлзээ бүхий байдлыг үүсгэдэг. Гэхдээ хэрэв гадна орчны нөлөөлөл надтай нэгдэн нэг цөм болоод, оюун санааны, амар амгалангийн нирвааныг олвол энэнээс илүү гоц гойд мэдрэмж үгүй мэт. Нэгэн цул болох тэр үед бие биенээ хэзээ ч үл барж чадах илд, бамбайг нийлүүлэхтэй адил зөрчил үгүй болдог. Тухайлбал, Очироор огтлогч сударт айлдсанаар, Очироор огтлогч хааны эрдэнийн сэлэм нь 3 төрлийн  чадвартай ажээ. 
1.      Өчүүхэн гэрэл, цацраг нь мянган жилийн түнэр харанхуйг гэрэлтүүлэх чадвартай.
2.      Хурц ир нь энэ орчлонгийн бүхий л эд зүйлсийг эвдлэн сүйтгэх чадвартай, зүйрлэшгүй хурц иртэй ажээ.
3.      Бат бөх, энэ эрдэнийн сэлэм нь маш бат бөх бөгөөд энэ орчлонгийн түмэн зүйлс яагаад ч  эвдэж сүйтгэхээргүй тийм бат бөх , хатуу ажээ.
 
Тиймээс энэ эрдэнийн сэлэмний ир нь илд мэт хурц, сэлэмний их бие нь бамбай мэт бат бөх байгаа нь  Очироор огтлогч хааны эрдэнийн сэлэмд ид шидийг үзүүлэхэд зөрчил үгүй болно. Тиймээс Жуанз ба Эрвээхэй, Эрвээхэй ба Жуанз нь тодорхой бус байр сууринд байн төөрөгдсөн тул зөрчил үүсэж байгаа юм. Хэрэв Нирвааны амар амгалангийн байр сууринд баттай зогсож чадвал Очироор огтлогч хааны эрдэнийн сэлэм адил нэгэн цулд хурц ир, бат бөх чанар хоёулаа орших аваас зөрчил үгүй болно.
 
ЗУРГАА.
 
Жуанзын сургаальд  Жуанз эрвээхэйг зүүдэлсэн үү, эрвээхэй Жуанзийг зүүдэлсэн үү гэх энэхүү оньсого мэт учиг нь орчлонгийн юмс үзэгдэлийн хувьсан өөрчлөгдөх мөн чанарыг хэлээд байгаа юм. Өөрөөр хэлбэл гаднах орчны нөлөөллөөр өөрчлөгдөн хувьсах гэсэн үг юм. Тиймээс энэхүү хувьсан өөрчлөлтийг бид өөрчлөх хэрэгтэй. Оюунлаг хүмүүни нь гадна орчны нөлөөгөөр хувьсан өөрчлөгдөх энэ өөрчлөлт нь 3  үе шаттай байдагыг ойлгодог байх хэрэгтэй.  Энэ нь
1.      Эсрэг тэсрэг хандах  
2.      Харилцан хамааралгүй байх
3.      Харилцан ойлгож ухаарах  үе шатууд юм.
 
Эсрэг тэсрэг хандах гэдэг нь  бид гадна орчны нөлөөнд эсрэг тэсрэг хандахыг хэлнэ. Харилцан хамааралгүй байх гэдэг нь бид гадна орчны нөлөөлөл, юмс үзэгдлийг бүрэн ойлгож, харилцан бие биенээ таньж мэдэхийг хэлдэг. Харилцан ойлгож ухаарах гэдэг нь бид юмс үзэгдлийг хувирган өөрчилж, бүрэн удирдан жолоодохыг хэлнэ. Үүнийг Очироор огтлогч сударт “хэрэв юмс үзэгдэл өөрчлөгдөн хувьсаж буй нь Tathagata”юм хэмээн айлджээ. Би одоо та бүхэндээ нэгэн үлгэр домог ярьж  эсрэг тэсрэг хандах, харилцан хамааралгүй байх, харилцан ойлгож ухаарах ойлголтыг  жишээ татан тайлбарлая. 
Эрт цагт нэгэн жижиг тосгон байжээ. Тэр тосгоноос гадагшаа явах  зөвхөн  нэг л
жижиг зам байдаг аж. Хүн болгон тэр замаар явж байж газар тариалангаа эрхлэн амьдардаг байжээ. Гэтэл тэр тосгонд нэгэн өдөр нэгэн эмэгтэйн эр нөхөр хорвоогийн мөнх бусыг үзүүлж,  тэрээр ихэд гашуудан уйлж гэнэ. Түүний уйлж байгаа байдал нь этгээдийн муухай,  уйлах дуун этгээдийн хахир хатуу сонсогдох ажээ. Хүн болгон  газар тариалангаа эрхлэхээр явахдаа заавал тэр замаар дайрч өнгөрөх тул бүгд л чихээ даран, харцаа бууруулан түүний энэ байдлыг харж, сонсож зүрхлэхгүй байлаа. Ингэснээр тэд тосгоноос гарч орж чадаж байсан ба үүнийг эсрэг тэсрэх хандах үе шат гэж хэлээд байгаа юм. Өөрөөр хэлбэл аливаа эд зүйлс, төрх байдалд эсрэгээр хандах утгыг илэрхийлж байгаа юм. Тэгээд 3 сарын хугацаа өнгөрсөний дараа тосгоны хүмүүс энэ замаар өнгөрч гарч орохдоо түүний энэхүү байдалд дасан зохицож, тэр уйлдагаараа уйлж, хүмүүс явдагаараа явж, тосгоны хүмүүс чихээ дарах, харцаа бууруулах шаардлагагүй, ямар ч харилцан хамааралгүй мэт гарч орох болсон ба үүнийг харилцан хамааралгүй байх үе шат гэдэг. Өөрөөр хэлбэл тосгоны хүмүүс энэ байдалд дасан зохицсон байна,  мэдэрсэн байна, ойлгож таньсан байна. Дахин 3 сар өнгөрсөний дараа тосгоны хүмүүс бүгд сонин болцгоогоод ирэв. Хүн болгон уйлах дуртай гэнэ,  түүнчлэн хүн бүр уйлахаараа гойд үзэсгэлэнтэй харагдаж, уйлах дуу нь их сайхан сонсогддог болов оо.Тиймээс тосгоны бүх л хүмүүс уйлах дуртай болж, уйлах нь хамгийн сайхан дуу авиа болон дүр төрхний нэрийн хуудас мэт болж өөрчлөгдөв.  Яг л манай Тайваны дуут жүжиг, Хятадын уламжлалт жүжиг, зарим нэг Монгол уртын дуу мэт, тэдгээрийн хөг аялгуу хэдий хөнгөн гунигтай ч үнэхээрийн сайхан эгшиглэж сонсогддог. Энэ төвшинд хүрэх үе шатыг харилцан ойлгож ухаарах үе шат гэдэг. Тэгэхээр би одоогийн бодит байдал, орчноо өөрчлөн, гаднах нөлөөллийн дагуу өөрийгөө өөрчилнөө гэдэг нь амжилтанд хүрлээ л гэсэн үг. Үүнийг бас харилцан ойлгож ухаарах гэдэг.  Гадна орчны нөлөөгөөр өөрөө хувьсан өөрчлөгдөх, гаднах орчин миний нөлөөгөөр хувьсан өөрчлөгдөх гэдэг нь орчлонгийн хумхийн тоосонд төөрч будилалгүй, өөрийн мэдрэмж ойлгомжийн дагуу тодорхой бус, бүрхэг байдалаа гоц гойд мэдрэмж бүхий амар амгалангийн Нирваан болгон өөрчилж чадах нь Очироор огтлогч хааны эрдэнийн сэлэмийг эзэмшихтэй адил агаар нэг утга билээ.
 
ДОЛОО.
 
Чулуун толь гэдэг нь гадны нөлөөлөлд автан төөрч будилаад байгааг хуньдун буюу харах боломжгүй, тодорхойгүй, бүдэг бадаг хэмээн нэрлэдэг бол түүнийг ойлгон ухаарч, таньж мэдсэний дараа амар амгалангийн Нирваан хэмээн нэрийддэг. Тэгвэл юуг харах боломжгүй, тодорхойгүй, бүдэг бадаг гээд байгаа юм бэ? Би дахин нэгэн домог ярья. Хятадын эртний Уул усны сонгодог судар болон Жуанзийн Сяо Яао Ёоу буюу эрх дураар, тайван амирлахуй хэсэгт дурдсанаар энэ орчлон ертөнцөд өмнөдийн хааныг Су, умардын хааныг Ху гэдэг байжээ. Төв дундын хааныг Хунь Дунь гэдэг байжээ. Нэгэн өдөр өмнөдийн хаан Су умардыг зорьж, умардын хаан Ху өмнөдийг зорьж, яг төв дунд хэсэгт төв дундын хаан Хунь Дунь-тай таарчээ. Хунь Дунь нь ихэд найрсаг зочломтгой хүн бөгөөд тэднийг хамгийн сайхан амттанаар дайлж, хамгийн сайхан хөгжим, хамгийн сайхан хоол, хамгийн гэх бүхий л зүйлээр дайлж цайлжээ. Өмнөд, умардын хаадууд дайлуулсандаа ихэд баяртай байсан ч баярласан талархсанаа илэрхийлэх аргагүй байв. Учир нь Хунь Дунь нь нүүрэндээ 7 эрхтэн байхгүй ба тиймээс харж, сонсож, идэж, ууж, ярьж чадахгүй байлаа. Тиймээс өмнөдийн Су, умардын Ху төв дундын хаан Хунь Дунь-ий энэхүү сайхан сэтгэлийн ачийг хариулахын тулд түүнд 7 нүх гаргаж өгөхөөр болжээ. Нэг өдөр нэг нүх гаргаж өгч байлаа. 7 нүх гээд байгаа нь 2 нүд, хамрын 2 самсаа, 2 чих, 1 амыг хэлээд байгаа юм. Өмнөдийн Су, умардын Ху 7 хоногийн хугацаанд Хунь Дунь-ийн  нүүрэнд 7 нүх гаргаж өгсөн боловч 7 дахь нүхийг гаргах тэр агшинд Хунь Дунь үхээд өгөв. Энэ бол Хятадын Уул усны сонгодог сударт гардаг агуулга Лаоз, Жуанзийн сургаалиудтай адил маш сонирхолтой асуудлууд байгаад байгаа юм. Үнэндээ өмнөдийн хаан Суг Жуанзын сургаальд пэн хэмээх эртний том шувуугаар дүрсэлдэг. Харин умардын хаан Хуг  Күнь хэмээх нэгэн загасаар дүрсэлдэг. Жуанз айлдахдаа өдрийн цагаар усан дахь күнь загас нь том шувуу болон хувирч тэнгэрт нисэн дүүлдэг ба оройн цагаар тэнгэрт дүүлэх тэрхүү том пэн шувуу ус руу орон күнь загас болон  шумбадаг. Энэ хувиран солигдох  яг тэр агшин нь шөнө дундын үе бөгөөд түүнийг төв дунд хэмээн нэрийддэг. Тэгэхээр Хунь Дунь нь бидний хараахан нээж илрүүлээгүй, хамгийн эх үндэс язгуураараа байгаа, хүүхэд багачууд мэт хамгийн гэнэн цайлган, цагаан сэтгэлийн төлөөлөл болж байгаа ба тэрхүү зүйлийг нээн илрүүлэхэд л уг мөн чанар үгүй болдог учраас Хунь Дунь  нь тэр дороо үгүй болж, яаж ч аврах гээд нэмэргүй болсон утга санааг илэрхийлж байгаа юм.   
 
НАЙМ.          
 
Энэ нь чулуун толь аливаа гаднах орчны нөлөөлөлд төөрч будилсан үед өөрөөр хэлбэл Хунь дунь байх үед хаш чулуу болж амжаагүй чулуун тольны нүүр царай бөгөөд амар амгалангийн Нирвааныг олохоороо тухайн чулуун толь нь хашан толь болон хувирдаг тул үүнийг 5 төрлийн ёс суртахууны хэм хэмжээ буюу бидний түрүүн дурдсан туст үйл, ойлгох ухаарал, тод томруун мэдрэхүй, өөрийгөө олох, дияан юм. Мэдээж туст үйл нь бусдын эрх ашиг, сайн сайханы төлөө; ойлгох ухаарал гэдэг нь хүмүүний зовлон гунигийг ажиглаж, ойлгон ухаарах; тод томруун мэдрэхүй гэдэг нь мянган жилийн тэртээх Жуанз эрвээхэйг зүүдэлсэн домгийн оньсого мэт учгыг тайлах; өөрийгөө олох гэдэг нь өөрийн эзэн хүнээ олж, танин мэдэх; Дияан гэдэг нь Очироор огтлогч хааны эрдэнийн сэлэмийг олж авахыг төлөө гэх мэт утгыг илэрхийлж байгааг бид бүхэн мэднэ. Тиймээс амар амгалангийн Нирваан дүрийг олоход  3 төрлийн хүч бий болдог. Эхний хүч нь нигүүслэл, өрөвдөн хайрлах хүч юм. Энэ нь бүхий л сайн сайхны үндэс язгуур юм. Хоёр дахь нь цэцэн билэг, мэргэн цэцэн ухааны хүч юм. Энэ нь биднийг гэртээ харих замыг минь олж өгдөг ба тэр зам нь бидний  зөв зам төдийгүй маш өргөн, уудам зам байдаг. Энэ зам нь биднийг өөрийн сэтгэл зүрхний гэр лүүгээ, унасан ус угаасан газартаа, эх ундаргадаа харихад хөтөч болон удирдан чиглүүлдэг.  Гурав дахь хүч нь  тайтгарал, өөрийгөө чөлөөлөхийн их хүч юм. Өөрөөр хэлбэл оюун ухааны дээд төвшний хамгийн чухал нэгэн төрлийн ёс суртахууны хэм хэмжээ юм. Энэ нь бидний хэлээд байгаа эсрэг тэсрэг хандах, харилцан хамааралгүй байх, харилцан ойлгож ухаарах 3 үе шатыг туулж ирсэн зам бөгөөд энэ нь хүмүүсийг өөрчилж, ирээдүйг өөрчилж, аливаа юмс үзэгдлийг өөрчлөн, өөрийгөө чөлөөлж чадвал энэ нь сударт айлдсанаар “хэрэв юмс үзэгдэл өөрчлөгдөн хувьсаж буй нь Tathagata” юм хэмээжээ.
 
ЕС.
Avatamsaka sutra буюу Олонхи бурхад сударт айлдсанаар нүгэлт орчлонгийн тоосыг гэтлэн гарч судар ном лугаа орших цагт бичиг судрын баринтагийг задлан, их мянганы ертөнц оршиж буйг мэдэх, бичил тоос дэгдэх төдийд  ухаант хүмүүн бүгдийг танин мэдэж, орчлон ертөнцийн үнэн бодит нүүр царайг ухааран таних нь хүмүүнд тустай хэмээжээ. Олонхи бурхад сударт айлдсанаар орчлон ертөнцөд бичиг судар байх аваас их мянган ертөнц мэт тийм том боловч өчүүхэн бичил тоосноо багтаж чадах нигууртай, энэхүү бичил тоос нь  их мянган жилийн ном судрыг багтаадаг гэдгийг эгэл жирийн бид төдийлөн хараад ойлгохгүй, мөн харж таньж чадахгүй, зөвхөн оюуны өндөр чадамжтай, дотоод сэтгэлийн эрдэмийн төвшинтэй хүн л түүнийг маш тодоор, шууд хараад л ойлгож ухаардаг. Энэхүү судар бичгүүдээр дамжуулан бүхий л эрх ашиг хамаг амьтны тусын тулд байх ёстойг, бид ийм оюунлаг хүмүүн болж чадаж гэмээн нүгэлт орчлонгийн тоосыг гэтэлгэн ном сударт орших аваас 3 төрлийн дэмжлэг тусламж авч чадна хэмээжээ.
1.      Бурхны хүчний дэмжлэг: Бид бүхний байнга харилцан бие биедээ дамжуулдаг маанийн ерөөл, тарни уншлага юм. Буддын шашны их хурал, айлдвар биднийг орчлон ертөнцөд сүнсийг минь ариун гэгээн байлгаж, Очироор огтлогчийн хамгаалах тарниар хамгаалуулж байдаг.      
2.      Тарнийн гайхамшигт хүчний дэмжлэг: Энэ нь бид юмны утга учрыг нарийн, гүнзгий ойлгоод ирэхээр нүгэлт орчлонгийн тоосон дундаас гэтлэн гарч, ном судар лугаа орших цагт бидний оюун ухаан далай мэт зах хязгааргүй уудам болдог.
3.      Бие, хэлний өгүүлэмжийн хүчний дэмжлэг. Энэ нь бид маш сайн багштай учран түүний заавар зөвлөмжийн дагуу явах аваас маш өргөн сайхан, зөв замаар явж чаддаг.
Дэмжлэг гэдэг нь бидэнд туслах, биднийг хамгаалах гэсэн үг юм. Нүгэлт орчлонгийн тоосыг гэтэлгэн гарч ном судар лугаа орших цагт тоос гэдэг нь чулууг хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл чулуун толийг хэлж байгаа юм. Ном судар гэдэг нь чулууг эрдэнийн хашан толь болгож хувиргадаг увидастай. Иймээс хаш толинд тоо томшгүй их цацарсан гэрэл бүхий судар харагдах ба нисваанисыг гэтэлгэсэнээр  чулуун толины уугуул мөн чанарыг гэрэл цацруулан хувиргаж, түмэн зүйлийн юмс үзэгдлийг тусгасан хаш толь болон өөрчлөгддөг.     
 
АРАВ. 
Хунь Дуний нүхийг онгойлгох төдийд тэрээр үхээд өгсөн ч, чулуун толинд хамгийн чухал ид шид нь үлдэн хоцорсон. Чулуун толинд гурван нууц эрдэнэ агуулагдан байдаг. Нэгд. Нигүүлслэлийн эрдэнэ, Хоёрт. Оюун ухааны эрдэнэ, Гуравт. Өөрийгөө чөлөөлөх эрдэнэ агуулагдаж байна. Нигүүслэлийн эрдэнийг гэртээ харих гэнэ. Өөрөөр хэлбэл чулуун толинд нэг зам үлдээж биднийг гэртээ харих замыг олох, сэтгэл зүрхний уг, чанаддаа буцахыг хэлнэ. Хоёрт. Оюун ухааны эрдэнэ гэдэг аливаа зүйлийн учир шалтгааныг хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл бидний хамгийн анхны, хамгийн гэнэн хонгор, цагаан цайлган, хар бараангүй тэрхүү учир шалтгааныг олох, сэвтэж хиртээгүй, ариун дагшинаараа байгаа тэрхүү сэтгэлийг олох, эрч хүч, гэрэл гэгээрээр дүүрсэн тэрхүү дотоод сэтгэлийг олохыг  хэлнэ. Энэхүү дотоод сэтгэлээрээ дамжуулан өөрийн дотоод сэтгэлийн мөн чанар,  дотоод сэтгэлийн чанадад хүрэхийг хэлж байгаа билээ. Гуравт. Өөрийгөө чөлөөлөх эрдэнэ. Энэ нь боломжтой, болно гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл бид хийж чадах юм шүү, зоригтойгоор амлаж чадах юм шүү, боломжтой, болох юм шүү гэдгийг бидэнд хэлээд байгаа юм. Бид бүхэн тэрхүү уг мөн чанарын учир шалтгааныг олохыг хүсэж, гэртээ харих замаа олохын тулд энэхүү учир шалтгаанаар дамжуулан өөрийн дотоод сэтгэлийнхээ мөн чанарт хүрж болно. Өөрийгөө чөлөөлөх энэхүү эрдэнэ нь бид нарыг өөртөө амлалт өгөн, амлалтаа бататгахад түүнийг агуулга оршиж байна. Ингэж чадсанаар аз жаргалтайгаар дуу аялан, өөрийн гэр буюу дотоод сэтгэлийнхээ чанадад хүрж чадна гэсэн үг юм. 
 
АРВАН НЭГ.
 
Chan буюу Дияан  гэдэг нь бид бүхнийг амар амгалан, тогтуун сэтгэлийн эрдэмийн  төвшинд хүргэхийг хэлээд байгаа ба ямар нэг арга хэлбэр, хичээл зүтгэлээр дамжуулан дияаны энэхүү дотоод сэтгэлийн эрдмийн төвшинд хүрдэг.  Энэ төвшинд 5 арга хэлбэрээр  хүрдэг.
1.      Хоолоо тааруулах, энэ хоолоо тааруулан зохицуулж хэрэглэх явдал юм.
2.      Нойроо тааруулах, энэ нь унтах нойроо тааруулан зохицуулах явдал юм.
3.      Биеээ бэлдэх,  бие физиологоо бэлдэх явдал юм.
4.      Амьсгалаа тааруулах явдал юм.  
5.      Дотоод сэтгэлээ бэлдэх явдал юм. Дотоод сэтгэлээ Дияаны дотоод сэтгэлийн эрдмээр дүүргэн байлгаж, Дияаны амар амгалан, тогтуун сэтгэлийн төвшинд хүрэх явдал юм.
Харин хичээл зүтгэлийн хувьд  мэдээж олон төрөл байдаг. Бясалгал хийх, төсөөлөн ургуулах бясалгал хийх,  сэтгэлийн иога хийх, дияаны сургалтанд хамрагдах гээд аль ч төрөл бай бүгд шат шатны төвшин, чадамжтай байдаг. Төвшингийн хувьд авч үзвэл Дияаныг нь нийтдээ 4 дияан 8 тогтуун гэж нэрлэдэг ба  өөрөөр хэлбэл дияаны байр сууринаас харахад 4 төвшин байдаг. Харин тогтуун сэтгэлийн байр сууринаас харахад 8 төвшин байдаг. Үүнийг нийлүүлээд  “4 дияан 8 тогтуун ” гээд байгаа юм.
 
АРВАН ХОЁР.
Жуанз эрвээхэй зүүдэлсэн домгийн Жуанз нь магадгүй бодит амьдралын тусгал, эрвээхэй нь магадгүй бидний өөр төрлийн амьдралын бодит байгаа тоглоом наадгай байх талтай. Зүүд бол нэгэн төрлийн мөрөөдөл, мөрөөдөл нь нэгэн төрлийн дийлдэшгүй хүчит  хөдөлгөгч хүч юм. Буддын сударт айлдахдаа Бурхан унтаж байгаа хэрнээ орчлон ертөнцийн хамаг амьтны тусын тулд олон амьтны амь амьдралыг нигүүсгэн гэтэлгэж байдаг. Хүн гэдэг уг нь өөрөө бурхан юм, унтаж байж зүүд буй болно, зүүдэлж байж сайхан зүүдийг буй болгоно, унтах гээд байгаа нь жаахан амрах, дуг хийх утгыг хэлнэ. Яг л өдрийн жаахан унтлага шиг ахархан хугацаанд унтаад сэрэхийг хэлээд байгаа болохоос биш бидний бат бөх унтаад сэрж чадахгүй байхыг хэлээгүй билээ. Тиймээс унтах гэдэг нь бат бөх нойрсон унтах биш, ахархан хугацаанд дуг хийхтэй адил бөгөөд энэ хугацаанд зүүд зүүдлэн тэрхүү зүүднээс мөрөөдөл урган гарч харин мөрөөдөл дунд тэрхүү тодорхой, тод томруун мэдрэхүй буй болдог. Мэдээж энэ мэдрэхүй нь  бидэнд нэгэн тодорхой мэдрэмжийг буй болгон, аливаа дуу чимээ, өнгө мөнгө, эд зүйлс, дүр төрхт самууран автахгүй, гадна орчны нөлөөлөл надтай нэгдэн нэгэн цулыг үүсгэж байгаад түүний утга оршино. Мэдээж тухайн гаднах орчны нөлөөлөл нь Жуанзийг төлөөлөх ба би өөрөөө эрхвээхэйг төлөөлж байгаа юм. Үүнийг нийлүүлвээс гаднах орчны нөлөөллийн хувьсан өөрчлөлт гэх буюу эсвэл Хунь дунь гэж нэрлэдэг. Ямартаа ч бид бүхэн өөрийгөө болон гадаад орчны юмс үзэгдлийн хоорондын хил хязгаарыг эвдэж чадсанаар зөрчил зөрчилдөөний ээдрээг тайлах ба бид илд болон бамбайг нэгэн цул болгон харж чадаж байгаа юм. Энэ нь хормын төдийд л Очироор огтлогч хааны эрдэнэийн сэлэм шиг гэрэл цацарсан, хурц иртэй, бас бат бөх, хатуу байдаг нь Очироор огтлогч сударт айлдсанчлан тийм л агуу, тийм л оюуны өндөр төвшний хэлээд байгаа билээ. 
АРВАН ГУРАВ. 
Жуанз эрвээхэй зүүдэлсэн домог, бурхан нигүүсэлдээ соёрхон унтдаг, Жуанз бол гадна орчны  юмс үзэгдэл, эрвээхэй бол би, зүүд бол мөрөөдөл, магадгүй зүүд нь бас нөгөө төрлийн ер бусын хүч, магадгүй зүүд нь нэгэн төрлийн тоглоом наадгай ч байж болох. Бурхан унтангаа нигүүслэж буй нь зүүдийг мэдрэхүй болгон өөрчлөдөг бол их энэрэл хайр, их оюун ухаан, өөрийгөө бүхнээс чөлөөлөөлөх их хүч нь хүмүүн бидний хамгийн их хэрэгтэй байгаа гурван  хүч юм.  Ингэж гэмээн бид нүгэлт орчлонгийн хумхийн тоосыг гэтлэн гарч, ном судар лугаа орших цагт  их мянган жилийн шастир судар хүмүүн бидний нүднээ ил болж, хамаг даяар түүний өгөөжийг хүртэх учиртай. Хэрэв орчлонгийн хүмүүн бүгд өөрийн амьдралдаа тэрхүү Очироор огчлогч хааны эрдэнийн сэлэмийг авах боломж гарвал, хэрэв бид гартаа энэ Очироор огтлогч хааны эрдэнийн сэлэмийг эзэмшиж чадвал бидний оршин байгаа дэлхий ертөнцийн үйл бүхэн зөрчилдөөн, саад тотгоргүй болж чөлөөлөгдөх юм. Ингэснээр бид бурхны хүчний дэмжлэг, тарнийн гайхамшигт хүчний дэмжлэг, бие, хэлний өгүүлэмжийн хүчний дэмжлэгийг хүртдэг. Тиймээс туст үйл гэдэг нь даяар олны сэтгэлийг авран гэтэлгэх, хамаг амьтны тусын тулд бусдын сайн сайханы төлөө өөрийгөө зориулах сэтгэлийг хэлнэ. Ойлгох ухаарал гэдэг нь хүмүүсийн зовлон бэрхшээл, хэрэгцээт зүйлийг танин мэдэж, ойлгож ухааран, ингэж ойлгож ухаарч чадсанаар тэдгээр хүмүүст туслах, аврах сэтгэлийг хэлнэ. Тод томруун мэдрэхүй гэдэг нь бид бүхнээр мянгаад жилийн тэртээх Жуанз эрвээхэйг зүүдэлсэн үү домгийн оньсого мэт учгыг тайлуулахыг оролдуулахаас гадна,  бидний бодит амьдралд зүүд мэт өөр төрлийн юмс үзэгдэл оршин байдагын бид бүхнээр удирдуулах гэсэн санаа юм. Өөрийгөө олох гэдэг нь аливаа зүйлийг тод томруунаар ухааран таньж, нүгэлт орчлонгийн тоосон дундаас өөрийгөө гэтэлгэж гарах нь хүмүүн бидэнд ач тустай, өгөөжтэй төдийгүй орчлон ертөнцийн бүхий л зүйлийг бий болгон, оюуны өндөр төвшнөөр хүмүүний хүслийг биелүүлэхэд оршино. Дияан гэдэг нь биднийг Очироор огтлогч хааны эрдэнийн сэлмийг эзэмшин аливаа үйлийг хийхдээ саад тотгор, зөрчилгүйгээр үйлдэн, бурхны хүчний дэмжлэг, тарнийн гайхамшигт хүчний дэмжлэг, бие, хэлний өгүүлэмжийн хүчний энэхүү 3 дэмжлэгийг хүртсэнээр бид амар амгалан, энх тайвныг олж авч чадах ба бүх зүйл сайн сайхан болох учиртай.  Эцэст нь хэлэхэд үнэн хэрэгтээ  туст үйл, ойлгох ухаарал, тод томруун мэдрэхүй, өөрийгөө олох, дияан эдгээр тавын эцсийн зорилго бол тогтуун сэтгэлд хүрэх төвшин юм. Мөн үүнийг гоо зүйн дээд хэм хэмжээ гэж  нэрийдэг. Энэ нь их энэрэл хайр, их оюун ухаан, их чөлөөлөлийг ардаа хаяж чадсан төдийгүй зөвхөн энэхүү тогтуун сэтгэлд гоо зүйн өндөр хэм хэмжээ илрэн гарахаар л харанхуйд төөрөх төөрөгдлийг арилгаж, бидний дотоод сэтгэлд нэгэн чулуун толь, хаш толь төсөөлөн зүүснээр түүний цацруулах гэрэл юутай ч зүйрлэшгүй сайхан байх ба орчлон ертөнцийн хүмүүн бүгдийг гэрэлтүүлж байдаг. Тиймээс хүмүүний сэтгэл тогтоно гэдэг нь гэрэл цацруулахын төлөө, дотоод сэтгэлдээ байнгын энэхүү чулуун толь, хашан толийг төсөөлөн зүүж, түүний цацруулах цацраг хязгааргүй, тоо томшгүй, үүрдийн байдаг нигууртай. Иим учраас туст үйл, ойлгох ухаарал, тод томруун мэдрэхүй, өөрийгөө олох  гэдэг нь нэгэн утга учир, нэгэн онол юм. Харин дияан нь үйлдэл, хичээл зүтгэл юм. Тэгэхээр бясалгал хийх ч бай, бясалгалд суралцах ч бай аль аль нь тогтуун төвшинд хүрэхийн төлөө л юм шүү дээ. Тогтуун төвшинд хүрэх гэдэг нь дотоод сэтгэлдээ нэгэн чулуун толь, хашан толь төсөөлөн зүүхийн төлөө, түүнийг үүрд гэрэл гэгээ цацруулахыг хэлдэг. Үүнийг тогтуун сэтгэлийн эрдмийн төвшинд хүрч гэрэл цацруулах хэмээн нэрлэдэг. Гэрэл цацруулах гэдэг нь бурхны шашны сургаалиар “Цагаан лянхуа судар”  билээ. Хэрэв өнөөдрийн лекцийн талаар та бүхэн илүү сайн ойлгож мэдье гэвэл www.yuhsi.com вэб сайтаар орон монгол хэл дээр орчуулан хөрвүүлсэн “1723 долоон өдрийн хүлээлт” номыг олж уншаарай. Уг нь би уг номыг хэвлүүлэн та бүхэндээ бэлэглэх  бодолтой байсан ба энэ удаад амжсангүй тул удахгүй хэвлэн, өнөөдөр хүрэлцэн ирсэн, оюуныг дээдлэн эрхэмлэдэг эрхэм та бүхэндээ хүргүүлэх болно. Та бүхэн сонирхож байвал миний зохиол бүтээлийн энэхүү сайтаар зочлоорой.
 
Баярлалаа  та бүхэнд .

TOP